Мэдээллийн технологийн хөгжлийн өнөөгийн байдал
Мэдээлэл, харилцаа холбооны технологи нь өнөөгийн дэлхий дахины хөгжлийн чиг хандлагыг тодорхойлогч хүчин зүйл, улс орнуудын нийгэм, эдийн засгийн хөгжлийн хурдасгуур, хүний хөгжил, эрх, эрх чөлөөг хангах, баталгаажуулах хэрэгсэл болж байна. Энэ салбарын хөгжил, гүйцэтгэх үүрэг, ач холбогдлыг дэлхий нийтээр хүлээн зөвшөөрч энэ талаар НҮБ-аас онцгойлон анхаарч түүний ивээл дор “Мэдээлэлжсэн нийгмийн асуудлаарх дэлхийн дээд хэмжээний чуулга уулзалт”-ыг 2 үе шаттайгаар зохион байгуулж эхний үе шатаас “Зарчмын тунхаг”, “Үйл ажиллагааны хөтөлбөр” гэсэн 2 баримт бичгийг баталж хэрэгжүүлж эхлээд байна. Эдгээр баримт бичгүүдэд улс орон бүр мэдээлэл, харилцаа холбооны технологийг хөгжүүлэх талаар төрийн бодлогоо тодорхойлох, тус салбарын тогтолцоог боловсронгуй болгохыг улс орнуудын төр, засагт уриалсан билээ. Энэ уриалгын дагуу дэлхийн ихэнх улс орнууд мэдээлэл, харилцаа холбооны технологийн ололт амжилт, түүний боломжид ихээхэн ач холбогдол өгч тодорхой үзэл баримтлал, хөтөлбөр, бодлогын баримт боловсруулан хэрэгжүүлж байна. Мэдээлэл, харилцаа холбооны технологи өндөр хөгжсөн улс орнуудын туршлагыг судалж үзэхэд ч энэ салбарын талаар төр, засгийн зүгээс онцгой анхаарч тэргүүлэх чиглэлээ болгон тодорхойлон үе шаттай, олон талт арга хэмжээ хэрэгжүүлсэн нь шийдвэрлэх үүрэг гүйцэтгэсэн байдаг. Өргөн уудам газар нутагтай, байгалийн эрс тэс уур амьсгалтай, хүн ам тархай суурьшсан манай улсын хувьд тус салбарыг амжилттай хөгжүүлж нийгэм, эдийн засгийн бусад салбарын хөгжлийг дэмжих явдал чухал ач холбогдолтой байх юм. Төр засгаас ч өнөөгийн нөхцөл байдалд дүн шинжилгээ хийж уг салбарыг хөгжүүлэх талаар шат дараалсан арга хэмжээг авч хэрэгжүүлж байна. Ялангуяа 2004 оны УИХ-аас байгуулагдсан Засгийн газрын үйл ажилагааны хөтөлбөрт мэдээлэл, харилцаа холбооны технологийг хөгжүүлэх талаар томоохон зорилт дэвшүүлж, арга хэмжээ төлөвлөсөн нь төр, засгаас энэ салбарын хөгжилд ихээхэн анхаарал тавьж байгаагийн тод илрэл гэж хэлж болно. Асар хурдацтай хөгжиж буй энэ салбарыг хөгжүүлэх, түүний ололт амжилтыг нийгэм, эдийн засгийн бүх салбарт үр ашигтай нэвтрүүлэх талаар хийсэн нарийвчилсан судалгаа, энэ салбарын хөгжлийн өнөөгийн байдал, цаашдын зорилт, чиг хандлагыг зөв тодорхойлох явдал чухал болоод байна. Энэ зорилгыг хангах үүднээс мэдээллийн технологийн салбарын хөгжлийн түлхүүрийг тодорхойлсон баримт бичгийг боловсруулан хэрэгжүүлж байна.
No comments:
Post a Comment